Олон цагаар чихэвчээр хөгжим сонсох нь ямар сөрөг үр дагавар дагуулдаг вэ?

Олон цагаар чихэвчээр хөгжим сонсох нь ямар сөрөг үр дагавар дагуулдаг вэ?

ӨДӨР ШӨНӨГҮЙ ЧИХЭВЧ ЗҮҮЖ ЯВДАГ ХҮМҮҮС НЭГ Л МЭДЭХЭД СОНСГОЛЫН АППАРАТААР ЧИХЭВЧЭЭ СОЛЬЖ МАГАДГҮЙ!

Чихэвчний хөгжмийн буруу хэрэглээнээс үүдсэн сонсголын бууралт нь мэдрэл сэрэхүйн гаралтай сонсгол бууралтад хэлбэрт хамаарна. Энэ хэлбэрийн сонсгол бууралтыг эмчлэх эмийн болон мэс заслын арга одоогоор байхгүй. Олон улсад судалгааны түвшинд явж байгаа бөгөөд одоогоор зөвхөн сонсголын аппаратаар л нөхөн сэргээх боломжтой.

Тэгэхээр чихэвчний хөгжмийг удаан хугацаанд чанга сонссоор сонсгол муудсан тохиолдолд эргэн сэргэх боломжгүй гэсэн үг үү❓

Тийм ээ. Чихний дотор талд байрлах жижиг мэдрэлийн эсүүд хэт чанга дуу чимээнээс болж гэмтдэг. Ийм төрлийн сонсголын бууралт дахиад сэргэдэггүй. Тэгэхээр өдөр шөнө, өглөө үдшийг ялгахгүй чихэвч зүүж явдаг хүмүүс нэг л мэдэхэд сонсголын аппаратаар чихэвчээ сольж магадгүй.

Чихэвч зүүсэн залуусын юу сонсож байгаа нь бусдад сонсогддог. Энэ нь хэдэн децибелтэй сонсож байна гэсэн үг вэ❓

110-аас дээш децибелтэй сонсож байна гэсэн үг. Хэрэв чихэвчтэй хөгжим чангаар удаан сонссоны дараа хэдэн секундын турш чих дүнгэнэх шинж тэмдэг илэрвэл чихний мэдрэлийн эсүүдийг тодорхой хэмжээгээр гэмтээж цочроож байна гэсэн үг. Гэхдээ ийм шинж тэмдэг илрэхгүй байсан ч 80-аас дээш дБ-ийг байнга сонсох нь аажмаар сонсгол муутай болгож хүний хэлснийг сонсдоггүй зурагтаа хүртэл заавал чангаар үзэх гээд байдаг муу талтай болгоно.

Тэгвэл сонсголоо хэрхэн хамгаалах вэ❓

60 харьцах нь 60 гэсэн дүрмийг баримтлах хэрэгтэй. Чихэвчээр хөгжмийн дууны түвшний чангарлыг 60 хувиас хэтрүүлэхгүй, нэг өдөрт 60 минут л сонсох хэрэгтэй.

Чихэвчний хөгжмийг шуугиан ихтэй газар сонсох хэрэггүй. Шуугианаас давж хөгжмөө сонсохын тулд дууг нь чангалснаар сонсох эрхтэнд гэмтэл учруулах аюултай. Мөн аль болох толгойдоо зүүдэг чихэвч сонгох хэрэгтэй. Энэ нь гадны дуу чимээг илүү сайн тусгаарладаг учраас хөгжмөө тултал нь чангалах шаардлаггүй болно.

Зөвхөн сонсголоос гадна чихэвчний хөгжмийг удаан хугацаанд зүүснээр чихэн дэх ашиггүй нянгийн тоо өсдөг. Тиймээс чихэвчээ ариутгаж хэрэглээрэй. Мөн өөрийн чихэвчээ өөр хүнд дамжуулан хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.